КУЛЬТЕГИНЫ ХӨШӨӨ - МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ СОЁЛЫН ГАЗАР
Архангай аймгийн Хашаат сумын нутагт Хархориноос хойш 47 километрт Хөгшин Орхон голын зүүн эрэг, Цайдам нуурын баруун өмнө байдаг. Уг цогцолборын гэрэлт хөшөөнүүд нь “Хөшөө цайдмын дурсгал”, “Орхоны хөндийн дурсгал” гэдэг нэрээр алдартай бөгөөд 100 гаруй жилийн турш судлан шинжилсээр иржээ. 1958 онд Монгол–Чехословакийн хамтарсан судалгааны баг уг цогцолборыг бараг бүхэлд нь малтан судалсан. Культегины бичээс бүхий хөшөөний дээд хэсэгт эвхэрсэн хоёр лууг чимэглэж, бичээсийг голлуулан Ашина овгийн тамга болох янгирын дүрсийг сийлжээ. Хөшөөний өндөр нь 3.33 метр, өргөн нь 1.32 метр, зузаан нь 0.46 метр. Гурван талдаа нийт 68 мөр, 10 мянган үсэг зурлага бүхий руни бичээстэй. 1-13 мөрийг бага бичээс, 14-68 мөрийг их бичээс гэж судлаачид нэрлэдэг. Анх мэлхий чулуун дээр тамга бүхий нүүрэн талыг наран ургах зүг харуулан босгосон байжээ. Культегин гэдэг нь Түрэг улсын жанжин бөгөөд 684 онд төржээ. 16 настайгаасаа төрийн хэрэгт зүтгэж эхэлсэн ба ухаалаг, авъяаслаг жанжин байсан. Тэрээр 731 онд 47 настай таалал төгсөхөд тахилын онгон цогцолбор, шүтээний сүмийг түүний ах Билгэ хаан 732 онд дүүгийнхээ дурсгалд зориулан босгож ач хүү Йолуг тегин 20 хоног ухаж сийлжээ.
716 онд хожуу үеийн Түрэг улсын Капаган хаан Туулын хөвөөн дэх ордондоо босогчдод алагдахад түүнийг 698 онд “Тардушын шад” цол зүүсэн Элтерэс хааны ууган хүү Билгэ залган авах ёстой байв. Гэвч Капаган хааны шадар туслагчид түүний хүү Бегю-г хаан ор суулгажээ. Ийнхүү хууль ёс зөрчсөнд Билгэ хааны дүү Культегин орд өргөөг дайрч Бегю хааныг алж өөрийн ах Билгэ-г хаан ширээнд залсан байна. Культегин зүүн жигүүрийн ноён, бүх цэргийн жанжин болжээ. Билгэ хаан эцгийнх нь байгуулсан төр улс мөхлийн ирмэгт тулаад байсан хүнд цаг үед хаан ор суусан ба харъяанд нь байсан аймгууд бослого гарган тэмцэж байлаа. Түрэгийн үндсэн аймгууд ч үймээн хямралд орсон байв. Билгэ хаан энэ бүх байдлаас бэрхшээж хаан ширээнд дүү Культегинийг суулгахыг санал болгосон ч тэрбээр хаан ор залгах уламжлалт ёсыг зөрчихийг бодсонгүй. Билгэ хаан шийдвэртэй арга хэмжээ авч байсан ч бүх эрх мэдэл Культегиний гарт байв. Культегины тушаалаар өмнөх Капаган хааны ураг төрлийнхөн, түүний ойр шадар хүмүүсийг албан тушаалаас нь буулгаж хүйс тэмтрэн устгажээ. Эдний дундаас ганцхан Тоньюкук зөвлөхийг хөндсөнгүй. Учир нь Тоньюкук Билгэ хааны хадам эцэг байснаас гадна ард нийтээр түүнийг хүндэтгэн эмээдэг байсныг харгалзсан ба хэсэг хугацааны дараа Тоньюкукыг мөн төрийн зөвлөх болгожээ. Ингээд ах дүү хоёр бослого үймээнийг дарж улсыг амаржуулан их хэргийг бүтээж явжээ.
Культегин бол ухаалаг, авъяаслаг цэргийн жанжин бөгөөд 731 онд 49 насандаа таалал төгсчээ. Билгэ хаан дүүгээ өнгөрөхөд ихэд гашуудан дүүгийнхээ дурсгалд зориулан гэрэлт хөшөө босгуулж тахилын цогцолбор, шүтээний сүмийг 732 онд байгуулжээ. Цогцолборын урт 67м, өргөн 29м, 1м зузаан тоосгон хэрэмтэй, түүний гадуур шуудуугаар хүрээлэгдсэн байжээ. Цогцолборын голд наран ургах зүгт харуулан Культегины гэрэлт хөшөөг байрлуулсан бөгөөд энэ нь суурь яст мэлхийний хамт 383см өндөр, 132см өргөн, 46см зузаан ба дээд хэсгийг эвхэрсэн луугаар чимэглэж, бичээсийг голлуулан Ашина овгийн тамга болох янгирын дүрс сийлж гурван талд нь нийт 68 мөрөнд 10 мянган руни үсэг зурлага бүхий бичээсийг бичжээ.
Судлаачид 1-13 дугаар мөрийг “бага бичээс”, 14-68 дугаар мөрийг “их бичээс” гэж нэрлэдэг бх эл бичээсийг Культегины ач хүү Ёолуг Тегин 20 хоног сийлж, Түрэг төрт улсаа хэрхэн байгуулсан, Культегин арван зургаан наснаасаа улсын хэрэгт оролцож ямар овог аймаг, улс орныг байлдан эзэлсэн, хэрхэн тулалдсан, ямар зүсмийн морьд унадаг байсан, өдөр шөнийг үл хайхран улсынхаа төлөө хэрхэн зүтгэж, ядуусыг баян, өнчнийг өнөр болгож, тойгтныг сөхрүүлж, толгойтныг бөхийлгөж хаан төрийг байгуулалцаж, наран ургах зүгээс наран шингэх зүг хүртэлх өргөн уудам газар нутгийг захиран дээд тэнгэрээс дарах аюулгүй, доод газраас цөмрөх айдасгүй амар жимэр болгон хүчирхэг улсыг байгуулсан тухай, Культегиныг оршуулах үед ах Билгэ хаан хэрхэн яаж эмгэнэн гашуудаж байсан тухай, түүний оршуулгын ёслолд гадаадаас ирж оролцсон зочдыг хүртэл дурдан өгүүлжээ. Бичээсийн төгсгөлд “Бо битиг битигме атысы йоллыг тигин” гэж байдаг нь “энэ бичгийг бичигч нь (Куль-тегиний) ач Йоллыг-тегин” гэсэн утга юм.
Культегиний бичээст буй нэгэн сургамжтай өгүүлэмж бий. “...Түрэг хүмүүсийн хагас нь баруунаа ... Түни талд суурьшия гэхэд зарим муу хүн “... хол сууваас табгач иргэд муу эд өгнө, ойр сууваас сайн эд өгнө” хэмээн сургаж байв. ... Билэггүй (мулгуу, ухвар мөчид) хүмүүс Табгач улсад ойр очин Түрэгийн олон овог аймаг сөнөв ...” гэсэн байдаг. Уран үг, зөөлөн торгоороо холын улсыг хууран ойртуулж муу занд сургадаг табгачуудын башир аргаас болж дахин Табгач улсад эзлэгдсэн биз ээ!
Культегиний бага бичээст “... Өтүкений газар сууж (Табгач улс руу) аян жингээ илгээж (алба гувчуураа авч) байвал (аяа, түрэг хүн чамд) ямар ч зовлон үгүй. Өтүкений хөвчид байх аваас улсаа мөнхөд захирч сууна чи” гэж сургамжилсан байдаг. Энэ санаагаа улам тод томруун болгохын үүднээс “..Аяа түрэг түмэн цатгалан ... (Табгач улс руу) үнэндээ өлсгөлөн (зовлон) мэдэхгүй ... тийм л байдаг учир түрэг аймгийнхныг нэгтгэн төвхнүүлэв. ... Тэр цагт манай боолууд (өөсвээн) боолтой, манай шивэгчингүүд (өөсвээн) шивэгчинтэй байв ...” гэж дурдсан байдаг.
Бичээсийн төгсгөлд, “...Түрэг овог аймгуудыг нэгтгэн төр улсаа хэрхэн захирсныг би энд сийлүүлэн бичүүлэв. Та нарын зарим нь дахин төөрөлдөн сарниузай гэж дахин сануулан энд сийлүүлэв ... Үүнийг үзээд мэдэгтүн!” гэж өгүүлсэн байдаг.
Гэрэлт хөшөөний доор суурь болгон бүтээсэн мэлхий чулуунд мөн адил Түрэг бичээс байх бөгөөд түүнийг 1979 онд анх судалж, Б.Базылхан тайлан орчуулжээ. Зарим бичээс маш бүдгэрсэн тул бүрэн тайлж уншиж чадаагүй байна. Тахилын цогцолборын урт нь 67 метр, өргөн нь 29 метр талбай бүхий 1 метр зузаан тоосгон хэрэмтэй, түүний гадуур шуудуугаар хүрээлэгдсэн бөгөөд хэрмийн доторхи сул зайг бүхэлд нь 32 х 32 х 6 сантиметр хэмжээтэй тоосгоор бүрсэн байжээ. Цогцолбороос шавар сав, төмөрөөр хийсэн аж ахуйн болон гоёл чимэглэлийн зүйлс, вааран дээврийн хэсэг, тосгуур, ваар сав зэрэг олдворууд олдсон. Хөшөөнүүд нь тухайн үеийн хүмүүсийн бодит дүр төрх, хувцас хэрэглэл гоёл чимгийг бодитойгоор илэрхийлсэн байдаг.
No comments:
Post a Comment