Wednesday, May 10, 2017

XIII зуун цогцолбор, Чингис хааны морьт хөшөө, Алтан ташуур цогцолбор (Төв аймгийн Эрдэнэ сум)

 XIII зуун цогцолбор, Чингис хааны морьт хөшөө, Алтан ташуур цогцолбор (Төв аймгийн Эрдэнэ сум)

Төв аймгийн Эрдэнэ суманд Цонжинболдог хэмээх газар бий. Энд Чингис хааны аварга том морьт хөшөө байдаг бөгөөд суурь барилгын хамт 40 метр өндөр юм. Хөшөөт цогцолборын нийт талбай 212 га. Мориных нь хөлөөр дамжин цахилгаан шатаар дээш гарч жижигхэн кино танхимд уг байгууламжийг хэрхэн яаж бүтээж эхэлсэн тухай богино хэмжээний баримтат киног үзэж сонирхоно. Дараа нь морины дэл буй талбайгаас хавь ойрын газрын байгалийн үзэмжийг тольдох боломжтой. Тэндээс Бурхан халдун уул, Дэлүүн болдог толгой, Хөдөө арал гэх мэт Чингис хааны түүхтэй холбоотой чухал дурсгалт газрууд харагддаг. Хөшөөний суурь бүхий дугуй барилга нь 36 баганатай бөгөөд энэхүү тоо нь Чингис хааны Алтан ургийн 36 хаан байсныг илэрхийлж байгаа ажээ. Барилгын дотор талд уран зургийн галерей, Хүннүгийн үеийн олдвор бүхий музей, ресторан,  хурлын танхим, уулзалтын өрөө, биллярд өрөө, бэлэг дурсгалын дэлгүүр зэрэг үзвэр, үйлчилгээний байгууллагууд байрладаг. Тус цогцолборын ерөнхий архитекторчоор Д.Эрдэнэбилэг ажилласан бөгөөд тус хөшөөт цогцолбор нь албан ёсоор 2008 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нээлтээ хийжээ. Монголчуудын соёлын нандин өв дурсгалын нэг болох Мэгжиджанрайсаг шүтээнийг дахин залснаас хойш яг 12 жилийн дараа дахин нэг агуу гайхамшигт түүх соёлын өвийг бүтээж хойч үедээ үлдээж байгаагаараа онцлог юм. Чингис хааны хөшөөт цогцолбор нь бүрэн цогцолж дуусах үед эргэн тойронд нь орчин үеийн техник технологийн хөгжлийг харуулсан зочид буудал бүхий 200 гэрүүд байгуулж, гольфын талбай, задгай театр, хиймэл нуур, спортын талбайнууд байгуулан 10 мянган мод тарих ажээ.


Ташуур тулсан дүр бүхий Чингис хааны хөшөөг 250 тонн ган төмрөөр бүтээсэн бөгөөд 13 жилд нэг удаа энэхүү төмөр хуудсыг солих ажээ. Одоохондоо дэлхий дээр байгаа морьт хөшөөнүүдээс хамгийн том нь болсон байна. Чингис хаан 1177 онд өөрийн дүү Хасар, Бэлгүтэй нарын хамт Хэрэйдийн ван Тоорилд бараалхан булган дээлээ бэлэглэж тусламж эрээд буцаж харих замдаа энэхүү Цонжинболдог толгойгоос нэгэн ташуур олж байсан гэх домог бий. Монгол ёсонд эр хүн ташуур олох нь ерөөл бэлгэдэлтэй үйл явдал бөгөөд сайн учралын дохио хэмээн тайлдаг байна.


No comments:

Post a Comment